Өдөр бүр дор хаяж 15 минутыг хүүхдэдээ зарцуулахын ач тус

Өдөр бүр хүүхэдтэйгээ тогтмол, чанартай цагийг хамт өнгөрүүлэх хэрэгтэй гэдгийг та өмнө нь олон сонсож байсан биз. Тэгвэл хүүхдүүдтэйгээ чанартай цаг өнгөрөөх нь ямар ач холбогдолтой талаар бяцхан мэдээлэл хүргэе.

Хүүхдэдээ тогтмол цаг гаргах нь тэдний сэтгэл зүй, оюун ухаан, нийгмийн харилцаа, бие бялдрын хөгжилд олон талын эерэг нөлөө үзүүлдэг болохыг олон судалгаагаар баталсан байна. Үүнд:

  • Сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн хөгжил

Хүүхдүүд эцэг эхтэйгээ тогтмол хамт байх үедээ өөрсдийгөө хайрлагдсан, хамгаалагдсан гэж мэдэрдэг. Энэ нь тэдний сэтгэл зүйн тогтвортой байдал, сэтгэл хөдлөлийн уян хатан байдал, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Судалгаагаар, эцэг эхтэйгээ илүү их цагийг хамт өнгөрүүлдэг хүүхдүүдийн сэтгэл ханамж өндөр байдаг бөгөөд сөрөг хандлага багатай байдаг гэжээ.

  • Оюун ухааны хөгжил

Хамтдаа ном унших, тоглоом тоглох, байгальд гарах зэрэг нь хүүхдийн хэл яриа, сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. “NYU Langone” -ын судалгаагаар, эцэг эх хүүхэдтэйгээ хамт тоглох нь хэл яриа, анхаарал төвлөрөл, нийгмийн ур чадварыг сайжруулдаг гэжээ.

  • Нийгмийн ур чадвар ба зан төлөв

Гэр бүлийн хамтын үйл ажиллагаа нь хүүхдэд харилцаа, хамтын ажиллагаа, зөрчил шийдвэрлэх зэрэг нийгмийн ур чадварыг эзэмшихэд тусалдаг. Судалгаагаар гэр бүлийн доторх амгалан тайван, эвтэй найртай байдал нь хүүхдийн суурь хүмүүжилд чухал нөлөөтэй болох нь тогтоогдсон байна. Эцэг эхийн хүүхэдтэйгээ харилцахдаа гаргадаг хандлага, тэдний харилцааны чанар нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, бусадтай харилцах чадвар, нийгмийн дасан зохицол зэрэгт шууд нөлөөлдөг.

  • Бие бялдрын хөгжил ба эрүүл мэнд

Гэр бүлийнхэн хамтдаа гадаа тоглох, хамтдаа хоол хийх зэрэг нь хүүхдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний чадварыг сайжруулдаг. Ийм үйл ажиллагаа нь хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг.

Тэгвэл өдөрт хэдэн цагийг зарцуулах вэ?

Хүүхэдтэйгээ өдөрт яг хэдэн цагийг хамт өнгөрүүлэх ёстой гэсэн нийтлэг стандарт байхгүй ч, олон судалгаанаас харахад чанартай цаг зарцуулах нь цагийн уртаас илүү чухал гэж үздэг. Гэсэн хэдий ч хүүхдийн наснаас шалтгаалан доорх чиглэлийг баримталж болно:

0–3 настай хүүхэд: 2–3 цаг

Тоглох, унших, тэвэрч эрхлүүлэх зэрэг нягт холбоо шаарддаг үе. Энэ насанд тархины хөгжил хамгийн эрчимтэй явагддаг тул байнгын анхаарал, халамж хэрэгтэй.

4–8 настай хүүхэд: 1.5–2 цаг

Хамтдаа тоглох, ном унших, ярилцах, гэрийн даалгаварт туслах. Энэ үед хүүхдийн өөрийгөө илэрхийлэх, суралцах чадвар эрчимтэй хөгждөг.

9–12 настай хүүхэд: 1–1.5 цаг

Хамтдаа хоол хийх, ярилцах, спорт эсвэл сонирхлын зүйлд оролцох. Найзуудтай харилцах нь нэмэгдэх ч, эцэг эхийн оролцоо зайлшгүй хэрэгтэй хэвээрээ үе.

13+ настай өсвөр насныхан: 30 минут – 1 цаг

Чөлөөтэй ярилцах, хамт хооллох, хоббид нь оролцох. Бие даах оролдлого нэмэгдсэн ч, харилцаа холбоог хэвээр хадгалах нь маш чухал.

Хэрэв ажил ихтэй, тогтмол их цаг зарцуулж чадахгүй бол өдөр бүр 15–30 минутыг ч хамаагүй 100% анхаарлаа төвлөрүүлэн цагаа зарцуулах нь маш үр дүнтэй гэж сэтгэл зүйчид зөвлөдөг.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.