УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нээж, БСШУС-ын байнгын хорооны “Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-д дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, өнгөрсөн 04 дүгээр сард Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим сумдад ажиллаж, төслийн явц, үр дүн, ашиглалтын байдалтай газар дээр нь танилцлаа. Өнөөдрийн байдлаар нийт 17 аймгийн 294 сумын нийт 548 объект орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна. Мөн 72 сумын 196 объектод ариун цэврийн байгууламж барих ажил үргэлжилж байна. Хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, гэрээг цуцалж байгаа бөгөөд 4 аймгийн 10 сумын 26 объектод дахин гүйцэтгэгч шалгаруулахаар ажиллаж байна. Дэлхийн зөн, “Мобиком” корпорац зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хийгдсэн ариун цэврийн байгууламжуудын ашиглалт хангалтгүй, цоожлоод орхисон зэрэг дутагдлууд байгааг давтах ёсгүй гэв.
Төсөл 4 үе шаттай хэрэгжиж буй агаад 294 суманд 795 ариун цэврийн байгууламжийг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 21 аймгийн 80,9 хувьд, 330 сумын 313 буюу 94,8 хувьд төсөл хэрэгжиж байна. Байнгын ашиглалтад оруулах 202 сумын 548 объект, комисс ажиллахад бэлэн болсон 10 сумын 25 объект, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 72 сумын 196 объект, гэрээ цуцлагдаж байгаа 4 аймгийн 10 сумын 26 объект байгаа аж. Мөн цаашид ариун цэврийн байгууламжийн хэрэглээг зөв хэвшүүлэх, багш, суралцагчдад чиглэсэн дадал хэвшил олгох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах, засвар үйлчилгээ хариуцах сум дундын нэгжийг бий болгох, үйлчилгээний ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэн ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, шаардлагатай тохиолдолд орон тоог нэмэгдүүлэх, гадна нүхэн жорлонг ариутгал хийж буулгах, ашиглагчийн урсгал /цахилгаан, цэвэр, бохир ус, засвар үйлчилгээ хийх гэх мэт/ зардлыг нэмэгдүүлэх, шаардлагатай сумдыг цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах машинтай болгох зэрэг анхаарах асуудлуудыг танилцуулсан юм.

