Зуны халуун өдрүүдээс таныг “аврах” бяцхан зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
1. Нарнаас хамгаалах
Зуны улиралд нарны тусгал илүү хүчтэй байдаг тул зайлсхийх хэрэгтэй. Өдөр бүрийн 11:00-16:00 цагийн хооронд нар хамгийн халуун байдаг бөгөөд энэ үед гадаа хэт удаан байвал арьс түлэгдэх, бие сулрах, нарших эрсдэл нэмэгддэг. Тиймээс сүүдэр бараадах, аль болох дотор орчинд байхаас гадна нимгэн, цайвар өнгийн хувцас өмсөх нь зохистой. Нарны малгай өмсөх, нарны шил зүүх, нарнаас хамгаалах тос түрхэх нь маш чухал шүү.

2. Шингэнээ нөхөх
Халуунд хөлс ихээр гардаг тул бие организм шингэн алддаг. Өдөрт дор хаяж 2–3 литр ус уух нь тохиромжтой. Энгийн цэвэр ус хамгийн сайн боловч, жимсний шүүс, тараг, цай, шингэн ихтэй жимс жимсгэнэ (жишээ нь тарвас, өргөст хэмх, усан үзэм) ч мөн сайн шингэн нөхнө. Хийжүүлсэн, чихэртэй ундааг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Эдгээр нь цусан дахь сахрын хэмжээг өсгөж нозооруулах эрсдэлтэй.

3. Хооллолтоо тохируулах
Дулааны улиралд хүнд, тос ихтэй хоол хүнс биеийг илүү халууцуулж, ядраадаг. Тиймээс өдрийн хоолыг хөнгөн, шингэц сайтай байлгах хэрэгтэй. Жимс ногоо, шөлтэй хоол, тараг, зутан зэрэг нь халуунд тохиромжтой. Мөн гэрийн нөхцөлд хийсэн байгалийн гаралтай зайрмаг, хөргөсөн шингэн зүйлс хэрэглэх нь сэрүүцүүлэх сайн арга болдог.

4. Орчны температурыг зохицуулах
Өглөө эрт болон орой салхи сэвэлзэх үед цонхоо нээж, агаар сэлгэж байвал нэг хэвийн температураа барьж чадна. Өдрийн халуунд нарны тусгалыг багасгахын тулд хөшгөө хаах, хүйтэн усаар шал шүрших, хүйтэн чийгтэй алчуур өлгөх зэрэг аргууд нь өрөөг сэрүүхэн байлгахад тусална. Агааржуулагч, сэнс ашиглах бол салхийг шууд өөр рүүгээ бус өрөөний эсрэг булан руу чиглүүлэх нь илүү үр дүнтэй шүү.

5. Амрах орчныг зөв бүрдүүлэх
Халуун шөнө тайван унтахын тулд оройн цагаар бүлээн усанд орж, биеийн температурыг бууруулсны дараа унтах нь зүйтэй. Унтлагын өрөөнд нимгэн даавуу, хөнгөн хувцас хэрэглэх, хүйтэн жин тавих зэрэг нь амралтад тустай байх болно.

6. Биеийнхээ ачааллыг зохицуулах
Хэт халуун үед хүнд дасгал хөдөлгөөн хийх нь халууцаж ухаан алдах, усгүйдэх эрсдэлтэй. Хэрэв дасгал хийх бол өглөөний сэрүүнд эсвэл оройн цагаар хийвэл тохиромжтой. Удаан хугацаанд алхах, дугуй унах үедээ ус авч явах хэрэгтэй. Биеийн хөдөлгөөнийг тохируулж, хэт ачаалал өгөхөөс зайлсхийгээрэй.

