Бид энэ удаад МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав, түүний үзэсгэлэнт гэргий МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Ганчимэг нартай чин сэтгэлийн халуун дотно ярилцлага өрнүүллээ. Гайхамшигт авьяаслаг, урлагийн охь болсон хоёр хүмүүний дотоод ертөнцөд түр тухлан саатсаныг уншигч та бүхэндээ сийрүүлэн хүргэж байна.
Эрхэм хүндэт зочиддоо энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч, студийн минь зочин хойморт хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Биднийг хүнтэтгэн урьсанд баярлалаа.
Эрхэм хоёр уран бүтээлчийнхээ анх танилцаж байсан түүхээс яриагаа эхэлье.
Б.Магсаржав: Танилцаж байсан түүхийг Ганаа их сайхан ярьдаг шүү дээ \инээв\
Ж.Ганчимэг: Маагаа маань манай сувилалд ирсэн байх үед нь би Солонгост байсан юм. Маагаа тухайн үед надтай зургаан цаг л утсаар ярьсан. Надад үг хэлэх боломж бараг олгоогүй шахуу. Би тэр үед Ганаагаа ч ав, гавьяатаа ч ав гэж хэлсэн минь саяхан юм шиг санагдаж байна. Маш сайхан асуулт байна, баярлалаа.
Эх орны өнцөг булан бүрт таны бүтээсэн, туурвисан олон сайхан уран бүтээлүүд эгшиглэж байдаг. Жишээлбэл, “Зүүдэн бороо”, “Ээжийн чанасан”,”Монгол омогшил”, “Сүүн далай ээж”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гээд олон гайхалтай уран бүтээлүүдийг нэрлээд дуусахгүй. Үүний дотроос “Сүүн далай ээж” дууны тухай асуухгүй байхын аргагүй. Энэ дуу хэрхэн бүтсэн түүхээсээ хуваалцаач.
Би 15 нас хүрээд ижийнхээ өврөөс гарч явсан хүн. Ижийдээ их эрх байлаа, хүн болгон л мэднэ дээ. Айлын ганц өргөмөл хүүхэд учир хүний дээд явуулъя гэж ижий аав минь хуруу хумсаа хугартал явсан даа. Тэр үед жаахан байлаа даа, 16 настай. Ээжийгээ санасан хүүхэд чинь яахав гэнэт л ээждээ дуу бичье гэсэн бодол төрсөн. Тэгээд яруу найрагч Ц.Гайтав гуай дээр зориг гарган очиж байлаа. “Сүүн далай ээж” бол Ц.Гайтав гуайн хамгийн сүүлийн шүлэг. Энэ сайхан хүний шүлэг миний анхны дуу болно гэдэг маш их хувь тохиол. Энэ дууг минь өлгийдөн авсан Багшийн дээд сургуулийн багш нар, оюутнууд гээд олон хүний дэмжлэгээр анхны уран бүтээл минь төрөн гарсан даа. Тухайн үед нот мэдэхгүй багшаараа нотоо бичүүлж байлаа. Нарийн нандин зүйлс их бий. 45 нас хүрчээ, энэ дуу минь.
Таны бүтээж туурвисан бүхэн үзэгч сонсогч бүхний сонсох дуртай дуу болдог. Та яаж тийм гайхалтай уран бүтээлүүдийг төрүүлж чаддаг юм бэ?
Нутаг оронтой их холбоотой. Би Увс аймгийн Тэс сумын хүн. Манай нутгийнхан их авьяастай. Ганц би ч биш айл бүр л нэг баян хуурчтай, айл бүр концерт тоглоно. Тийм учраас өрсөлдөөн ихтэй нь гэх үү дээ. Тэрхүү өрсөлдөөн нөлөөлсөн байх. Мөн ээж минь их нөлөөлсөн. Би ээжийнхээ ганц амин хүүхэд нь. Аав минь намайг хайрлалгүй л яахав, гэхдээ хамгийн их тулж ажилласан хүн нь миний ээж. Ээжийгээ би сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч хүн гэж дүгнэдэг. Дамирангийн Ширнэн гэж гайхалтай хүнийг Увс аймгийнхан андахгүй мэддэг. Дэндүү дээ дэндүү гэдэг шиг л ганц хүүдээ дэндүү хайртай байсан даа.
Би айлын ганц өргөмөл хүүхэд учраас миний хүү ганцаардаж болохгүй гэж ээж минь надад хамгийн түрүүнд баян хуур хөгжим авч өгсөн. Ингээд би хоёулаа болсон юм. Ээж минь хоёр хүүхэдтэй хүн шиг л баян хуурыг минь үүрээд, намайг хөтлөөд явдаг байлаа. Намайг хөгжүүлэх гэж хувийн багшид аваачиж өгсөн. Тухайн үед хувийн багшаар хичээл заалгана гэдэг багаас минь намайг айхавтар бэлдсэн байгаа юм.
Ээж минь надад юм хийвэл дуустал нь л хий, битгий дунд нь сэглэж хая гэж захьдаг байсан. Тэгээд, миний хүү баян хууртайгаа байхад өлсөхгүй дээ, баян хууртайгаа байхад ганцаардахгүй дээ гэж хэлж байлаа. Ээжийн минь тэр үгнүүд л намайг сайн аялгуу бичиж, ард түмэндээ хүргэхэд нөлөөлсөн байх. Дээрээс нь миний өчүүхэн авьяас, түүнийг минь нээж өгсөн агуу багш нарын ач. Тэрнээс бүх юмтайгаа буугаад ирээгүй л дээ. Адилхан л нусанхай хүүхэд байсан, зөв л хөгжүүлсэн байхгүй юу \инээв\
Таны ижий дээлийн торгоор танд баян хуур авч өгсөн гэдэг үнэн үү?
Үнэн үнэн. Нэг Хятад торго байсан юм. Хэдэн ч жил хадгалсан юм зайлуул. Тэр торгоороо сайхан дээл хийж өмсөнө гэж боддог байж. Гэхдээ тэр бодлоо хойш тавиад торгоо хадгалаад байсан нь надад баян хуур авч өгөх шалтгаан байж л дээ. Намайг багад айл болгон баян хууртай болоод, би гэртээ тогтохгүй айлууд руу гүйж алга болоод байж. Энд ч Цэцэрлэг багшийн баян дуугараад, тэнд ч Найдан багш хөгжмөө тоглоод, манай Дашаа гээд мундаг дүүгийнх, Одонтуяа, Сарантуяа гээд надтай хамт медаль авч байсан хүүхдүүдийнх гээд айл болгон л баян хууртай, концерт тоглоно. Ингээд л хөглөгдөөд байхаар ээж минь хил гардаг нэг дүүдээ “Хүүд минь нэг баян хуур авчир” гээд дээлийн торгоо атгуулчихсан юм шиг байгаа юм. Тэр хүн жуумалзаад л өвөртөлчихсөн гэсэн. Тэр торго 2, 3 баянхуурын мөнгө байсан байх \инээв\.
Миний энэ бол 1000-ын баян хуур буюу 1000 төгрөгний үнэтэй эд. Дээр үед аав минь миний хөгжмийг атан тэмээний үнэтэй эд гэдэг байсан. Миний аав нярав хүн, их тооцоотой учраас сайн мэдэж байсан биз. Баян хуураараа ээжийгээ баярлуулсан л гэж боддог. Тухайн үед Найдан гэж гайхалтай баян хуурч багш төгсөж ирээд биднийг бэлдэж байлаа шүү дээ.
–Ижийгээ их санана биз.
Аймшигтай их санана шүү дээ. Энэ дуугаа зохиочхоод нэг даалгаврыг нь биелүүллээ гэж бодож хөөрч л байлаа.
–Эр хүнийг өнгөтэй өөдтэй явахад түүний ард хатан ухаант бүсгүй хүн байдаг. Маагаа багш маань нэг хэсэг сархдад бага зэрэг орчихсон байсан үед та урлагт нь эргүүлэн авчирч, та хоёр минь хамтдаа уран бүтээлээ туурвиад явж байна.
Ж.Ганчимэг: Би чинь эмч хүн, эмэгтэй хүн, эхнэр хүн, дээрээс нь тамирчин, яруу найрагч гээд олон юмны нийлбэр байсан болохоор энэ авьяастай хүнийг тэр хүнд бэрх замаас татаж гаргасан гэж боддог. Мэдээж тодорхой хэмжээний цаг хугацаа, тэсвэр хатуужил шаардана. Би цагдаа сэргийлэх биш учраас энэ хүнийг ингэ тэг гээд тушаалгүй зөнгөөр нь л тавьсан. Хааяа ганц нэг сархад хүртэхэд нь ерөөсөө хараагүй үзээгүй хүн шиг дуу аялаад л өнгөрнө. Ингээд байхаар нөгөө хүн маань ичээд л, уух тоо нь цөөрөөд эхэлсэн. Нэгдүгээрт зөнгөөр нь тавьж, өөрөөр нь байлгасан, хоёрдугаарт эргүүлээд завгүй болгосон. Маагаа багшид хийх юм цөөхөн шүү дээ. Хөгжмөө зохионо, машинаа маш сайн барина, хаалга үүдээ түгжинэ \инээв\. Бага багаар л нийгмийн амьдралд татан оролцуулсан. Сүүлийн үед манайд ирсэн зочид маш их бууз, хуушуур идэж байгаа, тэрний махыг татна. Би эхлээд шууд мах хэрчүүлэлгүй хонины сүүл өгөөд, энийг татаад үз дээ хө гэлээ. Тэгсэн чинь, өө амархан юм байна шүү гэнгүүт нь хонины мах татуулж байгаа юм. Энэ мэтчилэн бага багаар л сургасан. Маагаа багш өөрөө хутгаа маш сайн ирлэдэг, үүнийг ээж нь зааж өгсөн гэсэн. Хутга иртэй болохоор би маш хурдан хоолоо хийж байгаа нь Маагаагийн минь гавьяа. Мөн бид хоёр Монгол орноороо болон Хятад руу их аялна. Тэгэхдээ хөгжим сэлтээс авхуулаад маш их ачаатай явдаг. Ачааг маш сайн хүлж, багладаг, үүнийг аав нь зааж өгсөн байгаа юм. Ер нь би сайндаа ч биш, аливаа юманд ухаан хэрэгтэй. Дээрээс нь Маагааг би маш их өмөөрдөг болсон. Хайр гэдэг чинь эрх чөлөө, зөнгөөр нь тавих, мөн өмөөрөх юм байна гэж ойлгож байгаа.
Б.Магсаржав: Завгүй байлгах хэрэгтэй гэж яг үнэн юм билээ. Муу юманд татагдах нь завтай байгаагаас хамаардаг. Завгүй байлгана гэдэг бол их том тактик. Ганаа бол ээжийн минь адил сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч хүн.
–Маагаа багшийн хувьд өнөөдрийг хүртэл хэд орчим уран бүтээлийг туурвисан байдаг юм бол оо?
Өөрийнхөө насыг 60 хүрснийг сая л мэдлээ \инээв\. Зөвхөн Өвөр Монголд л гэхэд 460 гаруй ая зохиосон байсан. Нийтдээ 1000 гаруй уран бүтээл бий гэж бодож байна. Тоо тийм ч чухал биш л дээ. Одоо шинэ уран бүтээлүүд гаргахаас илүү мэргэжлийн, том зүйлд зүтгэж, өөрийгөө шавхах бодолтой байна.
–Та хоёр маань гэртээ уран бүтээл туурвих тал дээр дүрэлзэж байдаг биз?
Б.Магсаржав: Би Ганааг маш их авьяастайг мэдлээ л дээ. Дууны аян дээр шүлэг бичнэ гэдэг бол их ховор. Чи нэг ийм сэдвээр, энэ аян дээр тааруул даа гэхэд яг л тааруулж байгаа юм.
Ж.Ганчимэг: Туулай жилийн шинийн нэгэнд байх шүү. Нэг ая зохиочхоод, алив чи нэг шүлэг бичээдхээч гэж байна. Ингэж “Аяндаа өөрөө” гэдэг дуу бүтсэн түүхтэй. Тэр дууг дуучин Б.Сарантуяа оны дараа үзэгч сонсогчдын хүртээл болгох байх. Нэг тийм зоргоороо дуу бий.
Яруу найрагч маань сайхан шүлэг унших болов уу гэж бодож байна.
“Чамдаа баярлалаа” гэж дууны 3-р бадгийг уншъя. Энэ шүлгээ Маагаадаа зориулсан юм.
Аялгуу бүхэн чинь амьтай болохоороо Алагхан зүрх минь догдлон бөмбөрдөг дөө Алив бүхэн чинь хайр болохоороо Амьдралд хоёулаа дандаа тэмүүлдэг дээ Чамдаа би чинь баярлалаа Чанга тэврүүлээд үнсүүлъе дээ Чамдаа би чинь баярлалаа Чандган зүрхээ чамдаа л тушаая даа
– “Хоёрдож ирсэн хайр” дууны түүхийг сонсож болох уу?
Б.Магсаржав: Энэ дуу их сонирхолтой. 2000 онд би СТА цол хүртэх гээд СТӨ-нд тоглолт хийсэн юм. Тэр тоглолт дээр Батсүх дуулах гээд. Тэгсэн С.Батсүх, би чиний “Зүүдэн бороо”-г мэдэхгүй ш дээ, өөр дуу дуулъя гэж байна. Маргааш нь тоглолт болох гээд байдаг. Тэр үед Өмнөговь аймгаас ирсэн Хишигжаргал гээд яруу найрагч шүлгээ бариад надаас салдаггүй байсан юм. Тэрийг санаад би С.Батсүхэд одоо чамд дуу хийгээд өгвөл яаж байна гэсэн чинь, болно оо, би маргааш дуулчихъя гэж байна. Нөгөө яруу найрагч үзэгчдийн суудалд сууж байхаар нь шүлгээ аваад ир гээд дуудлаа. Тэгээд СТӨ-ний төгөлдөр хууран дээр аяаа зохиогоод л С.Батсүх шууд дуулаад, болох юм байна гээд маш хурдан бүтсэн дуу юм. Маргааш нь тоглолт дээр дуулахад үзэгчид аль хэзээний таньдаг дуу шиг хүлээн авч, 3 удаа дахиулж байсан юм. Тэр дууны клип гэж байхгүй кассетаар зарагдаж л хүмүүст хүрсэн дээ. Их сонирхолтой, цочиж хийсэн дуу.
С.Батсүх минь бие нь том ч их эмзэг, хүүхэд шиг хүн. Бид хоёр чинь нэг зарлигжавууд \инээв\. Намайг МУУГЗ болоход С.Батсүх Ардын жүжигчин цол авч байсан юм.
–Маагаа ах маань ижий шигээ сайхан бүсгүйтэй учраад энэ орчлонд та хоёр минь хамтдаа гэрэлтэж явна шүү дээ.
Б.Магсаржав: Их сонин шүү. Ээждээ эрхэлж өсчхөөд өтлөх насандаа бас “ээж”-тэй болоод эрхэлж явна гэдэг буянтай юм даа.
–Аавын хүү, ээжийн охидод алдаад байх олон тавилан байхгүй. Гэхдээ алдаж онож яваа залуус багагүй байна. Сархадын асуудлаас болоод олон сайхан гэр бүл амьдралдаа цэг тавьж байгаагаас хүүхэд багачууд сэтгэлдээ шархтай үлдэж байна. Таны хувьд энэ бүхнийг даван туулж чадсан хүний хувьд залуучуудад хандаж юуг хэлмээр байна вэ?
Ж.Ганчимэг: Амьдрал бол тэмцэл. Амар хялбар байсан бол хүн бүр сэлээд гарчихна. Хоёр хүн хамгийн гол нь бие биенээ гэсэн сэтгэлтэй байх ёстой. Амьдаръя гэсэн л бол хамтдаа бай, амьдралд битгий бэлэнчил, бүтээлч бай. Бүтээлч байна гэдэг бол тууштай байна гэсэн үг. Бүтээлч байхын тулд цаг нартай уралдан зүтгэдэг учраас хэрэлдэх муудах, сална сарнина гэх зүйл гарахгүй. Хамтдаа нэг сэтгэл зүрхээр зүгээр л урагшил. Бид хоёрын амьдрал, уран бүтээл гээд бүх юманд хайр байдаг. Хайр бол цензургүй юм, халамж гэдэг санааных байдаг юм, хоёр хүн гэдэг чинь хүч байдаг юм аа. Хэн юу гэх нь хамаагүй, та хоёр нийлсэн бол зүгээр л чигээрээ яв, бүтээ. Завгүй байдал л бидний зүрх сэтгэлийг соронзон лугаа татаж байна гэж л боддог. Хайр гэдэг бол бүх зүйл юм шүү. Тэр бүх зүйлээ аврах уу, алдах уу, арчилж тордох уу гэдэг хоёр хүний зүрх сэтгэлийн асуудал. Бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, хамаг бүхэн минь гэж бодоод байвал бүх зүйл цэгцрээд, өнгөтэй өөдтэй байдаг гэж бодож явдаг.
– Ганаа эгчийнхээ хариулт дээр үндэслээд Маагаа багшаасаа нэг асуулт асууя. Таны хувьд хайр гэж юу вэ?
Б.Магсаржав: Би өөрөө хайрын сэдвээр их бичдэг, хайранд бөмбөрч байсан хүүхэд. Хөгжмийн хэллэгээр бол минорны гэдэг юм. Уянгын, зөөлөн гэсэн үг л дээ. Миний охин Намуунаа хэлж байсан юм, Маагаа ах бол үнэхээр зөөлөн хүн гэж. Хайр оройтдоггүй гэдгийн жишээ надад тохиолдсон. Өвөр Монголын Үндэсний их сургуулийн Мандах багш надад, Маагаа ах аа, та сархадыг нэгдүгээрт тавиад байна. Энэ чинь бүр хойшоо хаягдах ёстой зүйл. Амьдралд ямар гоё гоё зүйл байдаг гэж санана” гэж хэлж байсан. Тиймээс олдсон энэ хайрыг хайрлаж л яв залуучууд аа, хайр шимтэй байдаг юм шүү.
–Маш сайхан ярилцлага өрнүүлсэн та хоёртоо баярлалаа. Ярилцлагынхаа сүүлийн хормыг та хоёртоо асуулгүйгээр үлдээе.
Б.Магсаржав: Нэгэн жаран өнгөрнө гэдэг бага хугацаа биш ээ. Өөрийн хийж бүтээсэн зүйлсээ бага багаар үргэлжлүүлж, үзэгч сонсогч та бүхэндээ хүргэсээр байх болно оо.
Ж.Ганчимэг: Монгол түмэн минь эрүүл энх байгаасай. Дөрвөн улирлынхаа турш дуу хууртайгаа байгаасай. Өөрийгөө арчилж, бөөцийлж, амьдралд хайртай байгаарай.