Ж.Баярмаа: Аавынхаа хүсэж мөрөөдөж байсан зөв шударга нийгмийг бүтээхийн төлөө би улс төрд орсон

Энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаа уригдлаа. Төрүүлж өсгөсөн ижий аав, оюутан ахуй насны дурсамж, улс төрийн карьер зэрэг өргөн сэдвийн хүрээнд уншигч таныг уйдаахгүй “амттай” ярилцлага өрнүүлснийг ийн хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та аль нутгийн хүн бэ, өсөж төрсөн гэр бүлийнхээ тухай танилцуулаач.

-Миний аавыг Жудаг гэдэг. Би хоёр ах, нэг эгчтэй, айлын отгон охин. Аав минь Увс аймгийн хүн. Манай аав ээж хоёулаа багш хүмүүс байсан. Ээж аавын минь хүмүүжил, дээрээс нь тухайн нийгмийн нөлөө, цусанд минь байгаа үндсэн ген, энэ бүхэн бүрэлдэж одоогийн Баярмаа бий болоод явж байна.

Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Хоёрдугаар төрөхөд төрж, 40 мянгатад 23-р сургуульд суралцаж байсан. 9 дүгээр ангиа төгссөн жил аав маань Сэлэнгэ аймагт ажлаар томилогдож, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 10-р ангиа төгссөн. Огт мэдэхгүй газар, хөдөө очиж сурах их сонин байсан. Таг хотын хүүхэд гэнэтхэн хөдөө суманд намраас хавар хүртэл аж төрсөн тэр цаг хугацаа бол хөдөө нутагтайгаа гүн гүнзгий танилцсан, хөдөөгийн амьдралд маш хурдан дассан үе байсан. Одоо эргээд санахад, намрын ажил гээд л шуудайтай төмс өргөөд явж байсан минь тодхон санагддаг. Танихгүй шахам хүүхдүүдийн дунд орчихоор бас их нэрэлхэж, муугаа харуулахгүй шүү гээд л нэг их хүнд шуудайтай төмс үүрээд гүрийгээд л явж байсан. Багш нар дараа нь таг хотын хүүхэд гэхэд бид нараас ялгагдахгүй гүргэр юм билээ гэж аав ээжид минь хэлсэн байсан.

Хүн өөрөө хүсвэл, бүх зүйлийг чадахын төлөө мэрийвэл болохгүй зүйл байхгүй юм байна гэдэг бодол тэр үед төрж байсан.

-Орон нутагт хотоос шилжиж ирсэн хүүдүүдийг онц сурдаг гэж ярьдаг шүү дээ. Та сурагч байхдаа онц сурдаг байв уу, ангийн дарга хийж байсан уу?

-Ангийн дарга байж үзээгүй, салаан дарга, ариун цэврийн дарга бол хийж байсан. Жигтэйхэн онц сурахгүй, гэхдээ дунд сурдаггүй, сайн онц, ганц нэг дунд аваад л явдаг байсан. 9 жил нэг ангидаа сурчихсан, найраан дундаа гэдэг шиг заримдаа хичээл даалгавраа хийхгүй үе байсан. Тэгтэл 10-р ангидаа ямар ч танихгүй хүүхдүүдийн дунд ороод ичээд, нэрээ бодоод бүх даалгавраа маш сайн хийдэг, алгебр геометр хичээлүүдийг хэнээс ч асуухгүй өөрөө боддог, бүр хамгийн түрүүнд шалгуулдаг онц сурлагатны эгнээнд орчихсон байсан. Хуучин сургуульдаа бол “онц” категорийн хүүхэд биш байсан. Шилжиж очоод хэнд ч найдахгүй өөрөө хичээлээ хийхээр чадаад болоод байгаа юм л даа. Хариуцлага маш өндөр болсон. Хүн өөрөө хүсвэл, бүх зүйлийг чадахын төлөө мэрийвэл болохгүй зүйл байхгүй юм байна гэдэг бодол тэр үед төрж байсан.

Таны эзэмшсэн мэргэжил, боловсролын тухай яриагаа үргэлжлүүлье.

-Тухайн үед Орос хэлний дээд сургууль гэж байсан нь өргөжөөд Гадаад хэлний дээд сургууль болж, англи, франц, япон, герман зэрэг маш олон хэлний төрлүүдтэй сургууль анх удаагаа монголд бий болсон. Тэр үед гадаад хэл сурах гээд бүгд шуурч байгаа юм л даа. Би тэрхүү Гадаад хэлний дээд сургуульд англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Дараа нь, 2000-аад оны үед МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэр үедээ мэргэжлээрээ ажиллана гэж бодоод анхны хуульчдын шалгалтыг өгч тэнцсэн. Гэхдээ хуульч мэргэжлээрээ ажиллаагүй. Их сургуулиа төгсөнгүүтээ л Хүүхдийн төлөө үндэсний төвийн гадаад харилцааны хэлтсийн ажилтнаар орж байсан. Тэндээ 2, 3 жил ажиллаад, дараа нь Азийн хөгжлийн банкны төсөл дээр ажилласан. Одоогийн JCI, тухайн үеийн Залуу үе танхимд ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан. Тэгээд дараа нь Японд 3 жил суралцаж, магистрын зэрэг хамгаалсан. Сүүлд МУИС-ын Эдийн засгийн ангид оройгоор сурах гэсэн боловч оройгоор эдийн засгийн анги байдаггүй юм билээ. Тэгээд бизнесийн удирдлагын ангид суралцаж төгссөн. Ерөнхийдөө гадаад харилцааны чиглэлээр түлхүү ажиллаж байсан.

Та хүүхэд байхдаа шүлэг бичдэг байсан уу? Таны яриаг сонсоход үг яриан дундаа холбож хэлэх тохиодол нэлээн байдаг л даа.

-Шүлэг нэг их бичиж байгаагүй. Гэхдээ тэр үед зохион бичлэг их хийлгэдэг байсан. Орос дээр ч тэр, Монгол дээр ч тэр. Одоо бодоход би зохион бичлэгээ их сайн бичдэг байж. “Охидын үерхэл орчлонгийн чимэг” гэдэг нэртэй зохион бичлэг бичиж байсан минь ерөөсөө санаанаас гардаггүй юм. Найз нөхөрлөлийн тухай бич гэхэд нь ийм нэр өгч билээ. Нэгдүгээр ангиасаа эхлэн одоо хүртэл сайхан нөхөрлөж яваа найзууд бий. Тэд нартаа зориулж бичиж билээ.

Нууц биш бол хайрын захиа хэзээ авч байв. Олон захиа авч байсан уу?

-Нэг их олон захиа авч байгаагүй шүү.

Дэлхийд огт хараагүй, киноноос ч хараагүй өнгөнүүд далайн гүнд байсан.

-Таны хобби юу вэ?

-Бичгийн орчуулга их хийдэг байсан. Тэрэндээ би яагаад ч юм их дуртай. Орчуулга хийхээр бүх бодол санаа төвлөрдөг. Мөн экстрим спортод их дуртай, эрсдэлтэй зүйлд дуртай. Би Японд оюутан байхдаа скуба-дайвинг гээд усны гүн рүү ордог усан спортод их дурласан. Сертификат хүртэл авч байсан. Хамгийн ихдээ 40 метрийн гүнд шумбаж байсан. Оюутан байхдаа уг спортод стпентний хэдэн төгрөгөө бишгүй л зарцуулсан. Анх юу гэдгийг нь мэдэхгүй, санаанд багтахгүй, далайд юу хийх юм бол гэж бодож байсан. Далайд олон цаг байдаг гэхээр ямар ч ойлголт байхгүй, тэгсэн атлаа их сонирхоод л байсан юм. Завьтай явж байгаад завинаасаа шууд далай руу орох, эсвэл далайн эргээсээ гүн рүүгээ орох гэсэн хоёр төрөл байдаг.

Японы оюутнууд өөрсдөө скуба-дайвинг маш их хийдэг юм билээ. Анх оюутан болж очсон жилээ бүх оюутнууд Окинава явж таараад. Нэг их ажил болгоод л хувцсыг нь өмсөж, хүнд агаар үүрээд, хөлдөө урт сэлүүр угладаг юм. Тэр нь алхахад их хэцүү. Тэгээд л бөөн юм болж, унаж тусаж явсаар яг ус руугаа орох болсон чинь айгаад 2 оюутан буцаж байсан. Би бол яах вэ гүрийгээд л. Тэрэндээ бас мөнгөө төлж байгаа шүү дээ, Монгол хүний зан гэдэг шиг мөнгөө төлчихсөн юм чинь буцна гэж байхгүй гэж бодоод хайран санагдаад гүрийсээр байгаад орж байсан. Буцвал хайран мөнгө гэсэн шүү юм бодсон байх аа, оюутан байсан юм чинь. Ороод л ямар гоё юм бэ гэж уулга алдмаар байсан. Үнэхээрийн гайхамшигтай харагдаж байсан. Дэлхийд огт хараагүй, киноноос ч хараагүй өнгөнүүд далайн гүнд байсан. Бүр ямар гоё гэж санана. Цэнхэр гэхэд цэнхэр биш, ягаан гэхэд ягаан биш хачин гоё өнгө алагласан ертөнц байсан. Загас жараахайных нь өнгө ч гэсэн харж үзээгүй тийм гоё өнгөтэй, амьтдыг нь хараад энэ юу юм бэ гэмээр сонин содон. Далайд ороод л миний айдас байхгүй болсон. Тэр амьтдаа улайраад л хараад байсан. Тэгж л анх үүнд дурлаж байсан. Орохын өмнө мэдээж дасгал хийлгэж, зааварчилгаа өгдөг. Тэрийгээ сайн дагахгүй бол аюултай шүү дээ, тоглоом биш. Далайн гүнд даралтын зөрүү гарч, амьсгалж чадахгүй болох тохиолдолд зааварлагч багш хажууд нь явна. Заасан зүйлийг нь маш сайн мөрдөж явахгүй бол буруудаж, амь нас эрсдэх аюул бас бий.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулж болох уу?

-Би нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний нөхрийг Гансүх гэдэг. Говь-Алтай аймгийн хүн. Засагт ханы хөх харчуудын нэг дээ.

-Таны хоолойны өнгө их содон сонсогддог.

-Миний том ах радиогийн диктер хийж, телевизэд хэсэг ажиллаж байсан. Эмээ минь бас жүжигчин, дуучин, урлагийн хүн байсан юм.

Аав ээж минь бидэнд шударга, өөрийн гэсэн байр суурьтай, тууштай байхыг багаас минь үргэлж зааж, захисан.

Таны аав, ээж хүүхдүүддээ юуг аминчлан захидаг байсан бэ?

– Ер нь манай аав ээж хоёр их шударга, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүс байсан. Нэг жишээ ярихад, ээж минь дөчин мянгатын 4 давхар, 4 орцтой байрны бүгдийнх нь эмч болчихдог. 4-р орцны Дулмаагийн хүүхэд өвдлөө гэхэд шөнө 12 цагт, өглөө 6 цагт ч хамаагүй тариаг нь тарьж өгдөг. Нэг талаараа эмч болчхож байгаа юм. Нөгөө талаараа цагдаа болно. Манай нэг давхарт залуу айл байдаг байлаа. Залуу айл учраас байнга муудалцдаг, тэгээд ээжийг дуудна. Нэг удаа муудалцаад эхнэр нь нөхөр лүүгээ үнсний сав шидэж л дээ. Одоо бодоход яасан ч айхавтар юм. Тэгэхэд шууд дундуур нь ороод үнсний саваар шидүүлээд тархиа хагалаад ирж байсан. Салгаж л байвал хамаагүй гээд шууд голоор нь орчихсон байгаа юм. Бусдын төлөө гэсэн хүн байсан.

Аав минь бүр социализмын үеэс өөрийн гэсэн үзэл бодолтой. Дарга нарын хувьд тэрслүү Жудаг, жирийн хүмүүсийн хувьд бол Жудагтай Жудаг, шударга Жудаг гэдэг хочтой. Бидэнд шударга, өөрийн гэсэн байр суурьтай, тууштай байхыг багаас минь үргэлж зааж, захисан.

Аавынхаа хүсэж мөрөөдөж байсан зөв шударга нийгмийг бүтээхийн төлөө явна гэсэн зорилготойгоор л би улс төрд орсон.

2024 онд таны хувьд их онцгой жил байлаа. Монгол Улсын Их хурлын гишүүн болж, төр түшилцэх эмэгтэй улс төрч боллоо. Магадгүй тангаргаа өргөж байхдаа ижий аавынхаа тухай их бодож байв уу?

-Бодсон, яг бодсон л доо. Ялангуяа аавыгаа. Миний аав намайг төрийн хүн болгохыг их хүсдэг байсан. Өөрөө төрд орж амжаагүй л дээ. Маш их зүйлийг өөрчлөхийг хүсдэг хүн байсан. Амьдралынхаа сүүлийн мөч хүртэл төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг л санаа зовж явсан. Хүн өөрийгөө өнгөрөх гэж байна даа гэдгээ мэдээд эхлэх үедээ сүүлийн захиасаа хэлдэг дээ. Аав нас барахаасаа арваад хоногийн өмнө, тэр хүүхэд минь тэгээсэй, энэ хүүхэд минь ингээсэй гэж ерөөсөө санаа зовж, захиасаа хэлэлгүй, эсрэгээрээ Үндсэн хуульд л өөрчлөлт орохыг харсан бол аавд нь хоргодох юм байхгүй гэж хэлж байсан шүү дээ. Их сонин, би тэр үгийг сонсоод нэг бодлын гомдмоор ч юм шиг санагдсан. Хүн уг нь үр хүүхдэдээ юм захидаг биз дээ. Тэгтэл улс орныхоо төлөө. Өөрөө их юм бичдэг хүн байсан. 2011 он хавьцаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдах үед ашгүй Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь гэж их баярлаж байсан. Улс төрийн тогтолцоог буруу яваад байна гэдгийг эрт дээр үеэс мэддэг, яаж зөв болгох тухай маш олон ном бичсэн хүн. Өвчтэй байхдаа тэрийг мэдээд ашгүй гээд баярлаад байсан чинь идэвхжил нь суларчихсан л даа. Амьд сэрүүн байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт орохыг харсан бол хоргодох юмгүй байсан гэж хэлж, захиж байсан. Сүүлчийн үг нь бараг энэ байсан. Тэрний дараа 2017,2018 оны үед буюу Ордонд ажиллаж байх үед Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаж байхад, миний аав насан өөд болох үедээ энэ хуулийн өөрчлөлтөд санаа зовж байсан, ашгүй одоо хүсэл нь биелэх нь дээ гэж Д.Ламжав гуайтай зургаа авхуулаад пост хийж байсан. Энэ утгаараа аавынхаа хүсэж мөрөөдөж байсан зөв шударга нийгмийг бүтээхийн төлөө явна гэсэн зорилготойгоор л би улс төрд орсон. Миний аав баярлаж байгаа байх л гэж боддог.

УИХ-ын гишүүн болоод хамгийн анхны ажил нь мэдээж 2025 оны төсөв байлаа. Та төсөв дээр нэлээн шүүмжлэлтэй хандаж, алдагдалгүй батлуулахад маш том хувь нэмэр оруулсан гишүүдийн нэг. Үүнийгээ дагаад тан руу багагүй дайралтууд ирж байсан. Үүнийг хэрхэн даван туулсан бэ? Ар гэрийнхэн, хүүхдүүд нь яаж хүлээж авсан бэ? Нэг талаасаа та УИХ-ын гишүүн ч гэлээ нөгөө талаасаа айл гэрийн эхнэр, ээж хүн шүү дээ.

-Төсөвтэй нэлээн тулж ажилласан. Нэг талаараа бид их азтай. Сонгуулийн жил байсан учраас 2024 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж батлаагүй байсан. Дөнгөж гишүүн болоод л тэрхүү гүйцэтгэлтэй танилцаж батлахаас эхлээд төсөвтэй танилцаж, уншиж судлаад ирэхээр маш их юм харагдаж байгаа юм. Дараа нь төсвийн тодотгол орж ирсэн, түүн дээр бас ажиллаж байгаа юм. Тэр 2 дээр нэлээн сайн суучихсан учраас 2025 оны төсвийн төсөл орж ирэхэд жижигхэн ч гэсэн туршлагатай болчихсон учраас алдаа дутагдал, илүү дутуу зардлууд нь маш тодорхой харагдаад дуугарч эхэлсэн. Үүний үр дүнд тодорхой хэмжээний ач тус гарсан гэж бодож байгаа. Тийм ч учраас Монголд анх удаа төсөв алдагдалгүй батлагдсан. Мэдээж 100 хувь биш ч гэсэн үр ашиггүй зардлуудыг хасаж чадсан. Хасагдсан байсан үр ашигтай төсөв буюу Хавдрын эмнэлгийн төсөв орж чадсан. Багтаамж байхгүй учраас бэлэн байгаа эмнэлгийг аваад үтэр түргэн ашиглах, ор олдохгүй хэвтэж чадахгүй байгаа хүмүүсийг бушуу түргэн эмчлүүлэх гэдэг хамгийн том ажил хийгдсэн. Мөн хасагдсан байсан хүүхдийн хоолны мөнгө, 3 ээлжээр хичээллэдэг байсан сургуулийн түрээс зэрэг олон хэрэгтэй төсвүүд буцаж нэмэгдсэн гэх мэт олон давуу тал үүссэн. Энэ бол хамгийн чухал зүйл, энэ бол үр дүн.

Үүнтэй зэрэгцээд мэдээж хувь хүн дээр маш их дарамт шахалт ирдэг юм билээ. Яагаад ингээд байдаг юм бол гээд гайхсан чинь төсөв гэдэг чинь маш олон хүний эрх ашиг байдаг юм шиг байна. Мөнгө, маш их хэмжээний мөнгө явж байна. Монгол Улсад асар их мөнгө эргэлддэг юм байна. 35,8 их наядын төсөвтэй. Тэгээд л нүдээ аниад л тав, арван төгрөг ярьж буй мэт төсвийг дураараа тавьдаг байсныг больсон. Маш их эрх ашиг л явдаг учраас дайралтууд маш хүчтэй ирсэн, маш их гүтгүүлж байна. Төсөв батлагдаад дууссан атал энэ нөхөр эвгүй шүү гэж намайг боддог юм уу яадаг юм одоо хүртэл үргэлжилж байна. Янз бүрийн юм зохиогоод, 3, 4 үсэгтэй компанийн төлөөлөл л гэнэ. Би бүр гайхаад, 3 үсэгтэй компани бас Монголд багагүй байдаг юм байна. Эд нарын аль нь юм бол гэсэн шүү юм бодогдоод л байж байна.

Хүүхдүүд минь одоохондоо бага байгаа учраас анзаарахгүй л байна. Саяхан бас намайг өвчтэй болгож мэдээлсэн. Гэхдээ юмны тун хэмжээ хэт их, хэтэрхий паналтай болохоор олон нийт үнэмшдэггүй юм билээ. Би түүн дээр огт эмзэглээгүй. Олон хүний эрх ашиг хөндөгдсөн учир ингэж байна гэж бодсон ч одоо хүртэл үргэлжлээд байхаар сүүлдээ би гайхаад яах ёстой юм бол гэж бодож байна. Сүүлдээ өдөр тутмын сонин хүртэл байнга эсрэг мэдээ бичиж гаргадаг болсон байна лээ.

Улс төрд ороод явж буй хүнд зориг хамгийн их хэрэгтэй.

Миний асуугаагүй, таны хэлэхийг хүссэн зүйл байвал ярилцлагынхаа хамгийн сүүлчийн хормыг танд асуулгүйгээр үлдээе.

-Маш олон сэдвийг хамарч, нэлээн нээлттэй ярилаа. Би өөрөө их нээлттэй хүн. Улс төрд ороод явж буй хүнд зориг их хэрэгтэй. Зоригтой байж л болохгүй, бүтэхгүй байгаа асуудлыг гаргаж ирнэ. Зориг байхгүй бол бусад бүх чанар ямар ч ач холбогдолгүй гэж хүмүүсийн хэлсэн үг байдаг. Нэгэнт л улс төр хийж байгаа бол хэнээс ч, юунаас ч битгий ай гэж хэлэх дуртай.

Шинэ он эхэлж буй энэ цаг мөчид эх орондоо болон хилийн чанадад ажиллаж, суралцаж, амьдарч буй Монголчууддаа шинэ оны мэнд хүргэж, 2025 ондоо санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтсэн, хамгийн гол нь бүх хүн эрүүл, сэтгэл амар байгаасай гэж хүсэн ерөөе.

-Бидний урилгыг хүлээн авч, олон сэдвийн хүрээнд нээлттэй ярилцсан танд маш их баярлалаа. Ямар ч дайралтууд таны өөдөөс ирсэн үнэн уул мэт бат байж, худал үүл мэт арилах тул юунд ч битгий шантраарай гэж хүсэж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.