Бид энэ удаа УИХ-ын гишүүн Банзрагчийн Түвшинг студийнхээ зочин хойморт урилаа. Түүний бага нас, ажлын гараа, бизнес, улс төрийн карьер зэргийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснийг та бүхэндээ хүргэж байна.
–Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Таны аав, ээж, төрсөн нутгийн талаар яриагаа эхэлье.
-Намайг Банзрагчийн Түвшин гэдэг. Завхан аймгийн Баянхайрхан суманд төрж өссөн. Миний аав Нямын Банзрагч эцэг эхээс гурвуулаа, айлын дунд хүү. Би эцэг эхээс тавуулаа. Нэг ах, нэг эгч, хоёр дүүтэй, айлын дундах хүүхэд.
–Таны аав Банзрагчид ном, судрын нэр хайрлажээ. Тэгвэл таны нэрийг хэн хайрласан бэ, нэрний тань утга учир.
-Намайг төрдөг жил З.Дүвчин заан их сайн барилдаж байсан юм билээ. Тийм болохоор Дүвчин гэж нэр хайрлах гэж байснаа хэтэрхий сахилгагүй болчхож магадгүй гээд Түвшин хэмээн нэрлэсэн гэж ярьдаг юм. Гэхдээ намайг цаашлуулж ингэж хэлсэн л дээ. Аав нэрийг маань хайрлаж байсан. Түвшин гэдэг нь дөлгөөн, тайван гэсэн утгатай шүү дээ.
–Гэхдээ сургуульд байхдаа таныг нэлээн хөдөлгөөнтэй хүү байсан гэж сонссон.
-Тийм шүү. Хөдөөний хүүхдүүд чинь барилдана, зодолдоно, бүх л төрлийн спорт, бүх төрлийн урлагаар хичээллэдэг. Тэр дундаа би нэлээн хөдөлгөөнтэй байрын хүүхэд байсан.
–Тэгвэл ямар нэгэн бөхийн спортоор хичээллэж байсан уу?
-Яг бөхийн секцэд явж байгаагүй. Хөдөөний хүүхдүүдийн адилаар л барилдаж ноцолддог байсан.
–Хүүхэд байхдаа чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг байв. Тэвэг их тоглодог байв уу?
-Тэвэг, маатаг тоглоно. Спорт залгүй учраас гадаа л сагс, гар бөмбөг, теннис гээд бүх л спортыг оролдоно шүү дээ. Нэг их гийгүүлсэн юм байхгүй ч аймаг, сумынхаа тэмцээнд оролцох хэмжээний. Гэхдээ дандаа гадаа тоглосон учраас арай хар аргаар тоглодог гэх юм уу.
-Хүүхэд байхдаа цагдаа болно, математикийн багш болно гэж найзуудтайгаа мөрөөдлөө хуваалцдаг байсан гэсэн. Яагаад эдийн засагч болсон бэ?
-Уг нь сурагч байхдаа математик, физикдээ сайн байсан юм. Аав ээжээсээ хол, ерээд километрийн зайтай сумын төвдөө амьдарч байсан. Төгсөх анги болоод конкурс өгөх ямар ч бэлтгэлгүй л явж байгаа юм. Тэгээд конкурс өгөхөөс сарын өмнө холбоон дээр дуудаж байна гэхээр нь очтол аав залгаж байна. Ерөөсөө утсаар ярьдаггүй шахуу хүн яасан юм бол гээд гайхаад ярьтал, “Миний хүү ямар хичээлээр шалгалт өгөх гэж байна” гэж байна. Би орос хэл жаахан сонирхож байгаа. Орос хэлний багш юм уу математикийн багш болдог юм уу гэсэн чинь, эдийн засаг гэж нэг юм бий, тэрийг нэг судлаадхаарай гэчхээд л өөр онцын зүйл яриагүй. Тэгээд би эдийн засгаар конкурс өгөх гэсэн чинь орос хэл, математик ордог, дээрээс нь миний хамгийн дургүй хичээл нийгэм бас багтдаг юм байна. Тэгээд нийгмийн ухааны Нэргүй гэж багш маань туслаж, богино хугацаанд бэлдээд шалгалтаа өгсөн. Өөрөө эдийн засагч, нягтлан зэрэг мэргэжлийн талаар ойлголтгүй, тэгээд аав хэлээд л орчихсон.
-Мэргэжлээ сонгоход аав тань их нөлөөлсөн байна шүү дээ.
-Тийм ээ, би өөрөө ч бодож санах юмгүй, аавыг хэлэнгүүт зөрүүдэлсэн ч юм байхгүй, мэргэжлээ судалсан ч юм байхгүй тэгээд л орчихсон.
-Таны аав зоотехникч мэргэжилтэй тийм ээ?
-Тийм ээ. Гэхдээ сүүлд нягтлангийн курст сурч, энд тэнд нягтлан хийж явсан юм билээ. Энэ мэргэжлийг хүүдээ сонгуулчихвал зүгээр юм уу гэж бодож байсан юм билээ. Нэг их хэлээд байхгүй ч тэр чиглэл рүү байвал зүгээр юм уу гэсэн. Миний том хүү сая Австрали улсад санхүүгийн мэргэжлээр суралцаж төгсөөд ирсэн. Би хүүгээсээ яагаад энэ мэргэжлийг сонгосон юм гээд асуухад “Олон жилийн өмнө та санхүүч болбол зүгээр дээ” гэж хэлж байсан гэж хариулсан. Тэгээд л өөрөө мэргэжлээ сонгоод явчихсан.
-Аавынхаа үгийг та хүүдээ хэлсэн байна шүү дээ.
Далд тархинд ингээд нөлөөлчихдөг юм байлгүй.
-Таны ижий их сайхан хөгжим тоглодог хүн байсан гэж сонссон. Манай уншигчдад ээжийнхээ талаар ярьж өгөөч.
Миний ээж залуудаа аймгийн хөгжимт драмын театрт хөгжимчин, жүжигчин, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын соёлын төвийн эрхлэгч хийж байсан юм билээ. Тэтгэвэрт гартлаа Цагаанхайрхан суманд хөгжмийн багш хийсэн. Бид ээжийнхээ хөгжим тоглохыг гэртээ сонсож өссөн. Өөрсдөө бага сага хөгжим заалгаж урлагийн үзлэгт ордог байсан. Би сайн дуулахгүй ч бага ангид байхдаа төгсөлтийн хэдэн найзуудтайгаа морин хуур заалгаж, Алтайн магтаал дуулж байсан. Манайхан ээжээс өвлөөд бүгд ямар нэг хөгжим тоглодог. Ах баянхуур хөгжмийг их сайхан тоглодог. Эгч ёочин, би хүүхэд байхдаа баян хуур тоглодог байсан. Хоёр дүү бас ёочин чадах хэмжээгээрээ тоглодог.
Би “Хаан заяатай орчлон” дууны шүлгийг бичээд МУАЖ С.Батсүх ахад үзүүлтэл их аятайхан дуу болгочихсон
-Ээжийн тань авьяас танд өвлөгдсөн юм билээ. Та шүлэг яруу найраг бичдэг шүү дээ. Нийтдээ хэдэн дууны шүлэг бичсэн бэ?
-Арван жилд байхад бараг хүүхэд болгон л шүлэг бичдэг байлаа. Би “Хаан заяатай орчлон” дууны шүлгийг бичээд МУАЖ С.Батсүх ахад үзүүлтэл их аятайхан дуу болгочихсон. Б.Бат-Энэрэл хүү дуулаад тэр дууг олон түмэнд хүргэчихсэн шүү дээ. Дараа нь, Завхан аймгийн МСУХ-ны тэргүүн байхдаа “Очирвааний хүлгүүд” гэдэг морины уралдаан хийсэн юм. Тэрхүү уралдааны сэтгэгдлээр шүлэг бичээд Алтантүлхүүр ахад өгч, “Очирвааний хүлгүүд” дууны шүлэг үүссэн. Тэр бас их аятайхан дуу болчихсон. Манай С.Батсүх ах яг тэр жанрт нь тааруулж дуу хийгээд, Б. Бат-Энэрэл, Ө.Бохьшарга нар дуулсан.
-“Хаан заяатай орчлон” дууг мэдэхгүй Монгол хүн ховор шүү дээ. Энэ дуу хэрхэн бүтсэн түүхээс хуваалцвал.
Тэр миний анхны дуу учраас манай найзууд чи хэнээс хуулчихсан юм гээд байдаг. Тэгэхээр яг энэ шүлэгний цаад философийг эргээд харах юм бол Хаан даатгалын тухай юм. Би Хаан даатгалыг хэдэн найзуутайгаа нийлж байгуулж байсан, одоо бол даатгалаасаа гарчихсан л даа. Зарим байгууллагууд даатгалын нөхөн төлбөр өгөхдөө зардал гэж үзээд татганаад байдаг. Гэтэл даатгалын нөхөн төлбөр өөрөө эрсдэл тохиолдсон үед аварч буй аврал юм. Тэгэхээр нөхөн төлбөрийнхөө мөнгийг сэтгэлээсээ өгөх хэрэгтэй. Наад зах нь, даатгуулсан хүн хамгийн багадаа 10 нугалж авдаг. 50 мянган төгрөгний даатгал төлсөн хүн хамгийн багадаа 500 мянган төгрөгний даатгал авчхаад гомдоод байдаг. Тэгэхээр авч байгаа нь ч өгч байгаа нь ч сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэсэн үгээ найруулаад биччихсэн юм. Цаад утгыг нь ухвал, ядарсан үед буцалтгүй туслах, бие биедээ итгэх итгэлцэл, хариу нэхэхгүй байх гэсэн санаа. Үүнийгээ найзууддаа тайлбарлаад хэлэхээр, аа чи өөрөө зохиосон юм байна гэдэг \инээв\
-Гэргийгээ бидэнд танилцуулж болох уу? Мэдээж амжилттай яваа эр хүн бүрийн ард үзэсгэлэнт сайхан Монгол бүсгүйүүд байдаг шүү дээ.
-Миний эхнэрийг Ханджавын Хандсүрэн гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. Хадам аав минь Өмнөговь аймгийн харьяат хүн. Морьт Пүрэв гэж сайн барилддаг Улсын харцага хүний төрсөн ах нь. Би эхнэрээ цаашлуулаад манайхаас бөх төрөх юм байна гэдэг юм \инээв\. Хадам ээж минь Архангай аймгийн гаралтай хүн.
Манайх 4 хүүхэдтэй. Том хүү минь саяхан Австралид их сургуулиа төгссөн. Дараагийн охин минь бас Австралийн Сиднейн Их сургуулийн нэгдүгээр курст сурдаг. Дараагийнх нь нэг сахилгагүй нөхөр бий. Сая өсвөрийн кикбоксын Улсын аварга болсон. Өөрөө бокс их сонирхож байгаа, хөдөлгөөнтэй хүүхэд л дээ. Хамгийн бага маань 9 настай охин.
-Та аавын үүргээ хэр сайн гүйцэтгэж байгаа вэ?
-Ерөнхий том сууриар нь харвал би өөрийгөө гайгүй аав гэж боддог. Өдөр тутмын ажил төрөлд харин тааруу, хийж буй ажлаасаа болдог ч юм уу. Ер нь жаахан ажил яриад байдаг гэж эхнэр хэлдэг юм.
-Арыг тань бат даадаг гэргийдээ хандаж чин сэтгэлийн үгээ хэлээч.
-Олон жил хамтдаа байж, дөрвөн сайхан хүүхэдтэй болсон ханьдаа хайртай шүү л гэж хэлэх байна.
-Ажлын гарааны тань тухай асуухаас өмнө таны боловсролын тухай ярилцаж болох уу?
-Би 1997 онд МУИС-ийг төгсөөд, Худалдаа Хөгжлийн банканд 2 жил ажиллаад 1999 онд ажлаасаа халагдчихсан юм. Цэрэгт явах болж цэргийн карентинд ороод. Би ажил хийж байгаа учраас цэрэгт явах боломжгүй гэсэн чинь ажлаасаа чөлөө ав гээд. Тэр үед надтай хамт хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан найз руугаа залгаад, карентинд ороод ажилдаа 2, 3 өдөр очиж чадахгүй юм байна, чи хэлчих гэсэн чинь “Өө асуудалгүй” гээд л тэглээ. Энэ найзыг маань Энхтөр гэдэг юм, одоо Ариг банканд ажиллаж байгаа. Яг намайг карентинд байх үед өнөөх найз маань бас чөлөө авсан байж таараад өөр нэг хүнд намайг захиж үлдээсэн чинь нөгөөх нь ойлгуулж хэлээгүй байж л дээ. Тэгээд л 3 хоног ажлаа тасалсан гээд ажлаасаа халагдах тойрох хуудсыг маань өгсөн. Би нэг их хэрүүл зарга ч болоогүй, за гаръя даа гээд л гарч байсан даа.
Их сонирхолтой л доо. Би их сургуулиа улаан дипломтой төгсөж, ажлын гараагаа эхлэх 2 сонголтын өмнө ирсэн юм. Нэг нь олон улсын байгууллагад 3, 4 жил ажиллаад гадагшаа явах боломжтой. Харин энэ ажил маань Азийн хөгжлийн банкны төсөл дээр 2 жил ажилласны дараа байр өгнө гэсэн юм. Тэгсэн яг халагдсан өдрөө тойрох хуудсаа зуруулаад дуусаж байхад байр хуваарилах хурал болж байсан. Би яагаад ч юм тэр үед халагдлаа гэж бухимдаагүй, нөгөө найзтайгаа инээлдэж байгаад л салсан.
-Та оюутан байхдаа хувийн бизнесээ эхэлсэн гэж байсан. Ажиллаж байх үедээ бизнесээ давхар хийгээд явдаг байсан гэсэн үг үү?
-Би хөдөөнөөс орж ирээд эмээгийндээ амьдардаг байсан юм. Сургалтын төлбөрөө олох хэрэгтэй учраас бензин талон зарах, энд тэнд санхүүгийн тайлан гаргах, Хятадаас жимс оруулж ирж зарах гэхчлэн хийж үзээгүй юм ховор.
-Бизнес хийхэд их эрсдэл гаргах ёстой болдог шүү дээ. Хэцүү байсан уу?
-Амьдрах гэж яваа учраас юм юм л хийж байсан. Дээрээс нь залуу хүн учраас зоригтой ч байсан, сонирхолтой ч байсан. Болж бүтэхгүй бол дараагийн ажил руугаа ороод л явчихдаг байсан.
-Гар бөмбөг сайн тоглодог байж байгаад гэмтлээс болж больсон гэсэн. Одоо усан спортоор хичээллэдэг билүү?
-Сургуулийн сагс, волейболлын шигшээ багт байдаг, Аймгийн аваргад оролцдог байсан. Аймгийнхаа нэгдүгээр багийг ерөөсөө хождоггүй байлаа. Хамгийн дээд амжилт нь хоёрдугаар байр. Улаанбаатар хотод ирээд мэргэжил нэгтнүүдийнхээ тэмцээнүүдэд ордог байж байгаад нэг тэмцээний үеэр хоёр хөлийнхөө шөрмөсөө таслаад спортоосоо завсарлага авчихсан байгаа. Тэгээд хөл оролцдоггүй спортоор хичээллэх гээд одоохондоо ганц нэг усанд сэлдэг.
-Та яагаад даатгалын салбарыг сонгож бизнесээ эхлүүлсэн бэ? Энэ салбарт та маш амжилттай яваа шүү дээ. Энэхүү ажлаа эхэлж байсан түүхээсээ хуваалцвал.
-Анхны тогтвортой, амжилттай бизнес маань найзуудтайгаа хамтарч хийдэг жимсний худалдаа байсан. Sky гэдэг дэлгүүр нээгдэхэд тэдний анхны нарийн жимснүүдийг нийлүүлж байсан юм. Дараа нь Меркури зах дээр нийлүүлээд 4, 5 жилийн дараагаас бид завгүй болоод больж байсан. Тэгээд цаашаагаа өөр зүйл хийж байгаад барилга ч барьж үзлээ. Би өөрөө үндсэн ажилтай учраас аль ч бизнес рүүгээ биечлэн ордоггүй. 7 хоногтоо 2-3 удаа уулзаж ерөнхий чиглэлээ өгөөд манай найзууд маань гардаж хийдэг. ББСБ бас байгуулж байсан. Нэг үе 4, 5 ББСБ-иай гэж муу хэлүүлж байсан шүү. Энэ тухайд бол анх хөрөнгө оруулаад, жигдрээд ирэхээр нь хувиа зараад гарч байгаа юм л даа. Нэг ёсондоо бизнес босгож өгөөд зардаг гэх юм.
Хаан даатгалыг мөн их сургуулийн найзуудтайгаа бий болгоод харьцангуй гайгүй тогтвортой болсных нь дараа хувьцаагаа зараад Миг даатгалын хувьцааг авахаар шийдсэн. Одоо хувьцаа маань 97 орчим хувьтай байгаа.
Даатгал өөрөө математик тооцоо, вектор тооцоо шаарддаг. Хэдэн хүн даатгуулбал ашигтай байх вэ, хэдэн хүн эрсдэл гаргах вэ гэдэг магадлалыг тооцдог. 95 хувийн мөнгөөр 5 хувийнхаа эрсдэлийг даадаг ийм л бизнес. Аль болох олныг цуглуулаад, эрсдэл гаргасан 5 хувьд нь даатгасан мөнгөнөөсөө олгодог. Математик тооцоон дээр явдаг их сонирхолтой бизнес л дээ.
Гарааны бизнесийн хувьд 1, 2 жилийн дотор тасралтгүй жижгээр өсөж, унахгүй байх тогтолцоог сэтгэл зүйн хувьд бэлдэхгүй бол огцом өсгөснөөс болж алддаг.
-Гарааны бизнес эрхэлж буй хүмүүс яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Бизнес эрхлэгчдийн сэтгэл зүйг 3 хуваагаад байх шиг харагддаг. Жижгээс жижиг дунд руу босгох, дундаас том болгох, томыг удирдах гэсэн 3 төрлийн сэтгэлгээний өөр өөр загварууд байгаа. Жижиг буюу эхэлж буй хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд тогтолцоогоо тогтворжуулах хэрэгтэй. Нэг удаагийн биш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, түүн дээрээ анхаарах. Энэ сард хэд байх вэ, дараагийн сард хэд байх вэ гэдэг дээр маш болгоомжтой орлого зарлагаа зохицуулаад тодорхой цаг хугацаанд зөөлнөөр өсдөг тогтолцоогоо олохгүйгээр хэт яарч огцом өсөхөөр тогтолцоо нь даадаггүй. Эсвэл нэг удаагийн ганзагын наймаа шиг юм хийсээр байгаад уначих гээд байдаг учраас жижиг бизнес эхлэх сэтгэлгээ бол арай өөр.
Жижгээсээ томруулахын тулд үр ашигтай тогтолцоогоо сайжруулах гээд бас нэг өөр сэтгэлгээ, томыг удирдах гээд бас нэг өөр чадварууд шаарддаг.
Гарааны бизнесийн хувьд 1, 2 жилийн дотор тасралтгүй жижгээр өсөж, унахгүй байх тогтолцоог сэтгэл зүйн хувьд бэлдэхгүй бол огцом өсгөснөөс болж алддаг.
-Таны үлгэр жишээ авч, түүхийг нь сонирхдог бизнесмэн хэн бэ?
-Уоррен Баффетын тухай уншдаг. Түүнд хөрөнгө оруулагч хүний сэтгэлгээ байдаг л даа. Аливаа юмыг өөрөө хийхгүй, дандаа бусдаар хийлгүүлнэ. Унтаж байхад нь ч хөрөнгө нь өсөж байдаг гэдэг үг байдаг шүү дээ. Тэгээд аливаа бизнесийг өсөх гэж байгааг нь мэдэрч, тэр талын зөвлөгөө өгч, тэрхүү үнэ цэнээрээ хувь нэмэр оруулдаг байх сэтгэлгээг илүү их сонирхож судалдаг.
Миний гол мөрөөдөж явдаг зүйл бол улсын төсвийг зөв болгох, улсын эдийн засгийн тогтолцоог сайжруулах юм
–Таны улс төрийн карьер хэрхэн эхэлсэн бэ?
-2008 онд Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр нэр дэвшсэн юм. Тэр үед АН Хан-Уул дүүрэгт анх удаа ялж, дүүргийн төлөөлөгчөөр 4 жил ажиллаад, 2012-2016, 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр 8 жил ажилласан. Миний гол мөрөөдөж явдаг зүйл бол улсын төсвийг зөв болгох, улсын эдийн засгийн тогтолцоог сайжруулах юм. Тийм болохоор ний нуугүй хэлэхэд орон нутгийн төсөв дээр би оролцоо муутай байсан. Гол нь бид хууль эрх зүйн хувьд төсвийг яаж сайжруулах вэ гэдгийг л зорьж байгаа. Миний докторын ажлын сэдэв Улсын секторын санхүүгийн менежмэнт тал руу байсан. Мэргэшсэн нягтлан бодогчдын институцаар уншиж судалж байсан зүйл маань ч энэ талаар байсан учраас УИХ-д энэ чиглэлээр ажиллая гэж бодсон.
–Та Завхан аймгийн Очирваанийн хүлэг уяачдын холбооны тэргүүн. Тэгэхээр морь уядаг уу.
-Морь нэг их уядаггүй. Хурдны морь ч унаж байгаагүй л дээ. Хөдөөний хүүхэд учраас унаа морь унаж уул хадаар явдаг байсан. Завхан аймгийн МСУХ-ны даргаар 8 жил ажиллаж байна. Морины уралдаан их сонирхдог учраас манайхан намайг тэргүүнээр сонгосон. Энэ жил тэргүүний ажлаа өгсөн. Гэхдээ нутагтаа уралдаан зохион байгуулна гэж бодож байгаа.
–Морь уях алсын бодол байдаг уу?
-Тийм зав ч гарахгүй байх даа. Уявал уяхаар л байсан. Найзууд олон ч хурдан хүлэг бэлэглэсэн, бүгдийг нь буцаагаад бэлэглэчихдэг дээ.
Баруун аймгуудынхаа байгалийг үзээд, байгаль амьтай гэдгийг нь тэндээс л мэдэрсэн.
–2024 он таны хувьд их онцлогтой жил болж байх шиг байна. Магадгүй 2024 онд хамгийн их борлосон хүний нэг байх. Таны тэр зураг сошиал орчинд нэлээн түгсэн шүү дээ.
-Би хот орж ирснээсээ хойш үндсэндээ хотын хүүхэд болчихсон. Бараг л хөдөө явах зав гарахгүй шахуу. Энэ жил сонгуулиар хөдөөгүүр явсан. Эхний өдөр уруул хатаад, нүүр түлэгдээд алийгаа алдсан. Сүүлдээ харин дасаад эхэлсэн дээ. Орон нутгаас сонгуульд дэвшинэ гэдэг хэцүү. Ялангуяа баруун аймгийн 78 сум, 2 тосгонд хүрч очих боломж тун тааруу. Сонгуулийн өмнө урьдчилсан байдлаар маш яаралтайгаар өдөрт 3, 4 сумаар орж, нийтдээ 50 гаруй сумаар тойрсон. Орж үзээгүй газрууд их бий. Үнэхээр сайхан байгальтай, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Завханы бүх л уул ус, тэр сайхан байгалийг бүгдийг нь үзээд, байгаль амьтай гэдгийг нь тэндээс л харж байгаа юм л даа. Нойр хоолгүй тэгж явахад маш их ядарна шүү дээ. Гэхдээ байгальд байгаа учраас энергиэ нөхдөг юм шиг байна лээ. Огт ядраагүй, сүүлдээ бүр гялалзаад орж ирсэн.
–Та өв соёлоо нэлээн судалж, таниулах ажлуудыг хийж харагдсан. Завхан нутгийн байгалийн дурсгалт газруудын тухай цуврал контентууд хийсэн байсан.
-2016 оноос хойш Завхан судлал төв нэртэй залуу эрдэмтдийн клубтэй хамтраад Завханы угсаа гарал, нутаг ус, түүхийн талаар судалж гучаад боть ном гаргасан. Сонгуулийн үеэр түүнийгээ ашигласан. Мөн баруун таван аймгийн сонсдог номыг флаш хэлбэрээр гаргачихсан байгаа. Нэг аймаг гэхэд 100 орчим цагийн түүхтэй. Үүнийг бид сонсож байж өмнөх түүхээ мэдэх учраас заавал сонсох ёстой. Би бүх хүмүүст хүргэх бодолтой байгаа ч зардалаа арай дийлэхгүй байна. Одоохондоо 1000 орчмыг гаргаад хүмүүст тарааж байгаа. Цаашлаад сошиалаас татаж аваад сонсох боломжийг хайж байна. Нэг талаасаа оюуны бүтээл, нөгөө талаасаа түүхээ мэдэх боломж юм. Ялангуяа баруун аймгийн түүх бол Зүүн гарын хаант улсын түүх, тэдний бахдам амжилтууд учраас сонсоод явахад үнэхээр бахархмаар гайхалтай байдаг.
Миний хувьд Завхан аймгийн Баянхайрхан сумаас анх удаагаа УИХ-д сонгогдож байгаа. Гэхдээ үүгээр бахархахаасаа илүү хийх ажил, үүрэг хариуцлагаасаа санаа зовж байнаа.
–Таны эмээ Баянхайрхан сумаас сонгогдсон АИХ-ын анхны эмэгтэй депутат. Та харин тус сумын анхны УИХ-ын гишүүн.
-Эмээ минь Сангын Манздиваа гэж хүн байсан. Тухайн үеийн Ардын их хурлын анхны эмэгтэй депутатаар сонгогдож байсан. Миний аавын дүү Н.Жадамба гэж хүн Ховдын Багшийн дээд сургуулийг үүсгэн байгуулахаас эхлээд декан байсан хүн. Одоо тэтгэвэртээ гарчихсан. Тэр хүн бас Ардын их хурлын анхны депутатаар сонгогдож байсан. Миний хувьд Завхан аймгийн Баянхайрхан сумаас анх удаагаа УИХ-д сонгогдож байгаа. Гэхдээ үүгээр бахархахаасаа илүү хийх ажил, үүрэг хариуцлагаасаа санаа зовж байнаа. Найз нөхөд, ах дүү амраг садан, аймаг сумынхан, бүсийнхэн маань, цаашлаад улсын хэмжээнд тус бүр итгэл найдвар хүлээлгэчихсэн байгаа. Энэ бүх түвшингүүдийг салгаад бодоод үзэхээр хамгийн том үүрэг бол эцсийн дүндээ улс эх орныхоо төлөө зөв зүйл хийх гэж харж байгаа.
–2025 оны төсвийг батлахад таны хувьд жинтэй хувь нэмэр оруулсан шүү дээ. Төсөв алдагдалтай орж ирэхэд танах боломж байгаа гэдэг мэдээллийг хийж байсан шүү дээ. Дээр дурдаж байсан улсын төсвийг зөв зарцуулах гэсэн мөрөөдлөө бага ч гэсэн биелүүлсэн байна тийм үү?
-Бүрэн хүрээгүй л байна. Хамгийн эхэлж Улсын төсвийг хуулиар хязгаарласан зүйлс байгаа. Төсвийн тодотголын үеэр хэлж байсан шүү дээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж болохгүй. Энэ хуулиас юу өөрчилсөн гэхээр, улсын төсвийг огцом өсөхийг зөвшөөрчихсөн. Энэ хуульд төсвийг тодорхой хувиар өсгөх заалт буюу 6.1.3-ыг аваад хаячихсан. Үүнийг тухайн үед нь хэлж эсэргүүцээд дийлээгүй. Яг үүний дагуу төсөв огцом өсөж орж ирсэн л дээ. Сонгуулийн жилийн буюу 2024 оны эцсийн төсөв маш өндөр, 30 их наяд гэж орж ирсэн. Сая жилийн эцсээр 35,8 их наядаар орж ирлээ. Ганцхан жилийн дотор 5, 6 их наядаар өсөөд орж ирж байгаа юм. ДНБ өндөр хувьтай болчхоор төсөв их эрсдэлтэй болчихдог. Тэр тусмаа уул уурхайгаас хамаарсан өндөр өсөлт их эрсдэлтэй. Бид Оюутолгойн мөнгөөр юу хийв, Эрдэнэтийн мөнгөөр юу хийв гэдэг асуудал гарч ирж байна. Эдгээрийн нөөц дуусчихаар яах юм. Дахиад том том газраа ухах юм уу? Уул уурхайн мөнгөөрөө тогтвортой ажлын байр бий болгож, үр ашигтай зүйл хийхгүй урсгал зардалдаа өгөөд, барагддаг баялагаа дуусгачхаад байна. Хамгийн түрүүнд үүнийхээ тодорхой хэмжээг нь зараад, тодорхой хэмжээг нь хязгаарлах хэрэгтэй.
Хоёрдугаарт, төсөв алдагдалтай байхаар гадаад дотоодын санхүүгийн байгууллагууд манай улсын эдийн засагт тааруухан дүгнэлт өгдөг. Ерөнхийлөгч хориг тавьж, төсөв алдагдалгүй батлагдсанаар манай улсын үнэлгээ өснө. Манай улс бүтээмжтэй, гүйцэтгэлээ сайн хийж, дараа жил төсвөө алдагдалгүй баталж чадвал манай үнэлгээ өснө. Ингэснээр хөрөнгө оруулалтууд нэмэгдэж, зээлийн хүү буурч, олон улс дахь нэр хүнд маань өснө. Нөгөө талаасаа манай улс ч гэсэн бүтээмжтэй болж эхэлнэ.
Энэ оны төсвийн тухайд зөв зүйлд төсвөө зарцуулах суурь нь тавигдаж байна. Сая цэрэг цагдаагийн орон тоог хаслаа гээд байсан. Гэхдээ 2024 оны орон тооноос нэг ширхэгийг ч хасаагүй, зөвхөн 2025 онд нэмэгдэж байгаа орон тоог зарим газруудаас 50 хувийг хасаж байгаа. Өмнө байсан орон тоог бус шинээр нэмэгдэх орон тооноос л хассан гэсэн үг.
–Уул уурхай бол барагддаг баялаг. Тэгвэл Монгол улсын барагддаггүй баялаг юу вэ?
-Ер нь Монголчуудыг үйлдвэрлэгч биш гээд итгүүлчихсэн байгаа шүү дээ. Монголын 200 гаруй мянган малчин айл бол өрхөөрөө үйлдвэрлэгчид. 10 хонийг 20 болгож байна, 20 хонийг 40 болгож байна. Тэдний үйлдвэрлээд байгаа амь бол дэлхийд ховордож буй органик хүнс, нөгөө талаасаа маш том аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн. Дэлхийд яригдаж байгаа хамгийн үнэтэй зүйл. Үүнийгээ л эдийн засгийн эргэлтэд оруулбал жил болгон үйлдвэрлэл хийх боломжтой болно. Үүний тогтолцоог бий болгож, малчдыг байнгын орлоготой болгож, ХАА-н дайвар бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах ёстой. Бид ер нь экспорт л гэж яриад байгаа шүү дээ. Харин дотоодын тогтолцоогоо бий болгочих юм бол үйлдвэрүүд аяндаа өөрөө ороод ирнэ. Тэгээд үүнийгээ сайжруулах замаар экспорт руу явна шүү дээ. Тэгэхгүй дан экспорт руу гаргачхаар логик муутай л даа.
Борлогдохгүй байгаа малаа эрүүл болгож, үүлдэр угсааг нь сайжруулъя гэхээр орлогогүй байгаа малчдад боломжгүй болчхоод байгаа юм. Тэрний оронд малчид жилд 3, 4 удаа малаа зараад эхлэхээр тогтмол орлоготой болж өөрөө малаа сайжруулж, дараа нь экспорт хийх боломжтой болно.
–2025 он гарч, шинэ хуудас эхэлж байна. Энэ цаг мөчид нийт Монголчууддаа хандаж мэндчилгээ дэвшүүлээч.
– Монголчуудын хувьд сэргэн мандалтын цаг ирж байгаа гэдэгт 100 хувь итгэдэг. Бид улсаа, төрөө хүндэлж, төрдөө итгэж, дээрээс нь хүн бүр их байга хамаагүй улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байж Монгол Улс хөгжинө. Та бүхэндээ 2025 ондоо эрүүл энх, сэтгэл санаа амар байж, улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, улсынхаа хөгжилд итгэж шинэ оноо угтаарай гэж хүсье.
– Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа.