Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, П.Мөнхтулга, Г.Хосбаяр нарын хамт Архангай аймагт ажиллалаа.
Энэ үеэр аймгийн төвийн онцлох бүтээн байгуулалтын нэг болох 1000 хүний суудал бүхий спорт цогцолбор үүдээ нээж, аймгийн удирдлагуудын хамт иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзсан юм. УИХ-ын дарга уулзалтын эхэнд бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд материаллаг баазаар хангах, ялангуяа залуу үеийнхэнд бие бялдар, гоо зүйн боловсролыг төлөвшүүлэх, хүний хөгжлийг олон талт хэлбэрээр дэмжих нь төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тэмдэглэв.
Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Архангай аймгийн иргэдэд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлээс танилцуулан, энэ хаврын чуулганаар хэлэлцэх зарим хууль, тогтоомжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Архангай аймгийн эдийн засгийн бүтцийн 57 хувийг хөдөө аж ахуй, 26 хувийг үйлчилгээ, 17 хувийг аж үйлдвэрийн салбар тус тус эзэлж байна. Хангайн бүсийнхний хувьд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг УИХ-ын дарга холбогдох тоон үзүүлэлтүүдэд үндэслэн тайлбарлав.
Түүнчлэн аймгийн хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ оны тухайд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн суманд цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулах ажээ. Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс орон нутагт үнийн өсөлт нэн тулгамдсан асуудал гэдгийг онцолж, ялангуяа Архангай аймагт орон сууцны үнэ дундаж ханшаас өндөр байгааг уламжилж байлаа. Түүнчлэн олон жил хүлээгдсэн спорт цогцолбор ашиглалтад орсонд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид хүүхэд, залуучуудыг аймаг, улсын чанартай спортын тэмцээн, уралдаануудад тогтмол оролцоход дэмжих, ирээдүйн тамирчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарч өгөхийг хүслээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин, нөхцөлөөр хангах, шинээр баригдаж буй барилга, байгууламжууд зураг төслөөсөө эхлээд стандартын дагуу орц, гарц бүхий хэсгүүдийг багтаах, цаашлаад хуулиас давсан журмуудаас үүдэж иргэний эрх зөрчигддөг байдлыг таслан зогсоох зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм. Мөн энэ үеэр бүс нутаг дахь малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотой асуулт тавьж, саналаа хэлэв. УИХ-ын дарга, гишүүдийн зүгээс аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, малчдад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилт, бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
