Б.Түвшин: Урсгал зардлаас санасанд хүртэл хасаагүй ч цаашдаа хасах хандлага төлөвшиж байгаа нь сайн

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлаас “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн мэдүүлсэн. Шинээр өргөн мэдүүлсэн төсвийн талаар УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа.

Урсгал зардлаас санасанд хүртэл хасаагүй нь харамсалтай ч цаашдаа хасах хандлага төлөвшиж байгаа нь сайн. Бид цаашдаа алдагдалгүй төсөв баталдаг соёлтой болох хэрэгтэй.

-Та 2025 оны шинэ төсөвтэй танилцсан байх. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр та шинэ төсөвт сайн, муу хоёр тал байна гэж хэлж байсан, энэ талаар.

-Нэгдүгээрт, төсөв алдагдалгүй орж ирж байгаа нь сайн. Төсвийн алдагдал 1,9 их наяд гэдэг нь тэр хэмжээний зээл авна гэсэн үг. Харин одоо зээл авахгүйгээр байгаа мөнгөө ашиглахаар болж байна. Мөн гадаад өр 1,9 их наядаар багасна. Хоёрдугаарт, цаашид алдагдалгүй төсөв баталж дадах нь Монгол Улсын хувьд маш сайн зүйл. Жил бүр алдагдалгүй төсөв батлах нь хэцүү процесс, маргаан дунд болж буй асуудал хэдий ч төсвийн үр ашиг дээшилж, хэрэгцээгүй зүйлсээ хасна. Цаашлаад тийм соёл тогтож байна гэсэн үг. Энэ хоёр талаасаа ач холбогдол маш өндөртэй. Хүн бүр төсвийг хасаж болдог гэдгийг, өөрсдөө хасаж чадахгүй бол хориг тавьдаг юм байна гэдгийг ойлголоо. Дараа нь төсвийн ашигтай, ашиггүй дээр нь мэтгэлцдэг болж, олон нийт төсвийг анхаардаг болсон нь сайн зүйл юм.

Гэхдээ таналтын тал дээр яг зорьж байсан зорилгодоо хүрч чадсангүй. Энэ төсвөв дээр хөрөнгө оруулалтын асуудлыг огт ярьсангүй. Ганц нэгхэн зураггүй, төсөвгүй, илт шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хасах тухай ярьж байсан болохоос биш Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн зорилгын хүрээнд оруулж ирж байгаа томоохон хөрөнгө оруулалтыг дэмжиж байсан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын асуудал ярихгүй байгаа нь бид зөв оновчтой хөрөнгө оруулалтын дутагдалд байж буйг илтгэж байна. Тийм учраас зөвхөн урсгал зардлын асуудал ярьсан. Төсвийн 77-80 хувийг урсгал зардалд зориулж байгаа. Урсгал зардал бол нэгдүгээрт, төрийн үйл ажиллагаа явуулах суурь зардал, дээрээс нь төрийн бодлого хөтөлбөрүүдийн зардлууд юм. Урсгал зардал тухайн жилдээ л үр дүн нь гараад алга болчихдог, дараа жил нь ахиад л нэхэгддэг зардал. Харин хөрөнгө оруулалт бол эргээд урт хугацаандаа өгөөжөө өгдөг зүйл. Манай хөрөнгө оруулалтын зардал нь түлхүү дэд бүтэц рүү орж байгаа. Бид одоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг ирээдүйд яг хэд байх хэрэгтэй вэ гэдэг хүрэлцээ хангамжаа тооцоод, түүнийхээ дагуу л явах ёстой. Тэрнээс биш соёлын төв байхад ахиад  мэдээлэл өгөх төв шаардлагагүй гэдгийг нэлээн сайн ойлгосон байх гэж бодож байна.

Айл өрхөөр ярих юм бол олсон орлогынхоо ихэнх хувийг хувцас хунар, хоол унд, өдөр тутмын үйл ажиллагаа явуулахдаа зарцуулаад, цаашдаа үр өгөөжөө өгөх зүйлс, хашаа хороогоо барих, машин тэрэг авахдаа 10-20 хувиа зарцуулж байна гэсэн үг.

Тийм учраас сэтгэл дундуур байгаа зүйл нь, хасаж байгаа мөнгөний 2\3 нь хөрөнгө оруулалтаас, 1\3 нь урсгал зардлаас хасаж байгаа явдал. Урсгал зардлын нэг аюултай тал нь хасаж болдоггүйд байгаа юм. Ялангуяа богино хугацаанд хасахад их хэцүү. Учир нь цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж, төрийн үйл ажиллагаа явуулах зардал бүтцээрээ урсгал зардалд хийгдчихсэн байдаг. Миний хувьд 3.6 их наядыг хасахад жаахан зоримог шийдвэр гаргаж, төрийн гаргаж буй томоохон зардлуудыг хасъя гэж бодож байсан. Тодруулбал, бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ, бусад бараа материал гэсэн энэ зардлуудыг хасъя гэж. Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээг ЗГ-аас өмнө нь задаргаагүй орж ирсэн бол энэ удаа задалж оруулж ирсэн. Төрийн үйлчилгээ явуулах бичиг цаасыг 10 хувь хасах, 1,8 их наядыг 1,7 их наяд болгоё гэж тусгасан. Үүнийг 20-30 хувь хасаж болох байсан юм. Бусдаар гүйцэтгүүлэх, бусад бараа материалын зардлаа заримыг нь 50%, заримыг нь 100% хассан. Энэ бол урсгал зардлаас хассан хамгийн том зүйл. Гэтэл бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо, байшин барилгатай холбоотой зардлуудын төлөвлөлтүүдийг богино хугацаанд гаргаж чадалгүй энэ удаад хасахгүй байхаар шийдсэн. Цаашдаа төсвийн урсгал зардлаа дунд болон урт хугацаандаа хасдаг болъё гэдэг ойлголт орж ирж буй нь давуу талтай. Нөгөө талд нь, цөөхөн тооны үр ашиггүй хөрөнгө оруулалт, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хойшлуулж байгаа. Том зургаар харахад олсон мөнгөнийхөө 70-80 хувийг урсгал зардалдаа зарцуулж байна гэсэн үг. Айл өрхөөр ярих юм бол олсон орлогынхоо ихэнх хувийг хувцас хунар, хоол унд, өдөр тутмын үйл ажиллагаа явуулахдаа зарцуулаад, цаашдаа үр өгөөжөө өгөх зүйлс, хашаа хороогоо барих, машин тэрэг авахдаа 10-20 хувиа зарцуулж байна гэсэн үг.

Энэ жилийн хөрөнгө оруулалтын тухайд өмнө нь явж байсан бүх  хөрөнгө оруулалтаа дуусгахаар төлөвлөсөн. Үр ашигтай ч байсан, үр ашиггүй ч байсан эдгээр хөрөнгө оруулалтыг дутуу хаячихвал дараа нь улам их зардал нэхдэг учраас нэгэнт эхэлсэн зүйлийг дуусгая гэсэн үзэл баримтлал болж байна. Дүгнээд хэлэхэд, урсгал зардлаас санасанд хүртэл хасаагүй нь харамсалтай ч цаашдаа хасах хандлага төлөвшиж байгаа нь сайн гэж үзэж байна.

-Урсгал зардлаас 34%, хөрөнгө оруулалтын зардлаас 66% хасагдсан. Магадгүй энэ хоёрын байр солигдсон бол төсөв илүү үр ашигтай болох байсан уу?

-Тийм гэж бодож байна. Хөрөнгө оруулалтыг хасахгүй байх хэрэгтэй. 100 төгрөг оллоо гэхэд 70,80 хувийг нь идэж ууж дуусгаад, 20 хувийг нь арай нэг барьцтай юм болгож байна гэсэн үг. Тэгэхээр цаашдаа 20 хувиа 40 хувь болгоод, үлдсэн 60 хувиараа хооллож ундалж, үйл ажиллагаагаа явуулалгүй л яах вэ. Цаашид 60 хувиа бариад, 40 хувиа ирээдүйтэй зүйлдээ хөрөнгө оруулдаг байвал илүү зөв зохистой гэсэн энгийн ойлгоц юм л даа.

-Өнөөдрийн чуулганаар Соёлын тухай хуулийн 3 зүйл заалтын талаар хэлэлцлээ.  Хэн нэгэн гишүүн зарчмын зөрүүтэй санал оруулж ирвэл Засгийн газрын хассан 18,3 тэрбум буцаад төсөвт орж ирэх үү? Мөн төсвийн алдагдал үүсэх үү?

-Энэ талаар гишүүд сайн анхаараагүй болов уу гэж бодож байна. 18,3 тэрбум чинь өөрөө хуультай. Хуулийн тэрхүү заалтыг нь хасах талаар хэлэлцье гэдэг асуудал Чуулганы хуралдаанаар орж ирэхэд хэлэлцэхгүй гээд кноп дарчихсан. Гишүүд 18,3 тэрбумд дуртайдаа биш харин энэ хуулийн заалт нь байж байг гэдэг санал гаргасан. Харин ихэнх нь тэрхүү 18,3 тэрбумыг хасах саналтай байгаа. Ерөнхийдөө хуулийн заалтыг нь хэрхэн хасахгүй байх вэ гэдгийг л бодох хэрэгтэй болж байгаа юм. Гэхдээ тэр мөнгийг хуультай хуульгүй хасах боломжтой гэж би харж байна. Хэн нэгэн гишүүн зарчмын зөрүүтэй санал оруулж ирэх боломжтой. Гэхдээ тэрнээс илүү чухал зардлуудаа хасуулсан хүмүүс тухайн саналыг дэмжихгүй байх гэж бодож байна.

Ямар нэгэн төсөв оруулж ирнэ гэдэг өөр нэгэн зардлаас хасна гэсэн үг. Энэ зардлыг нэмье гэвэл өөр нэг зардлыг хасах шаардлага гарна гэсэн үг. Тэнцэл хөдлөхгүй, нийт дүнг нь өөрчлөх боломжгүй.  

Бид эдийн засгийн том сууриа бодох цаг болсон. Өөр орлогын эх үүсвэр олох хэрэгтэй гэсэн үг.  Өөр орлогын эх үүсвэр гэхээр дахиад л уул уурхай яриад байгаа нь хамгийн буруу.

-Засгийн газар анхнаасаа 2025 оны төсвийг алдагдалгүй батлах боломж байсан нь шинээр өргөн барьсан төсвөөс харагдаж байна шүү дээ.

-Үүнийг би дадал зуршил гэж харж байна. Манай төлөвлөлтийн горим жаахан алдагдчихаад байгаа. Хэлбэр төдий харахад Засгийн газар юм уу сайд нараа үгүйсгээд байгаа юм шиг боловч бодит байдал дээр хүмүүсийн бүх хүслийг нь цуглуулаад, түүн дээр нь Сангийн яам ажиллаж, хасах зүйлсээ хасаад оруулж ирж байгаа. Зардал нь хязгааргүй, орлого нь хязгаартай учраас бүх хүслийг хэзээ ч биелүүлж чадахгүй.

Миний санал болгож байгаа зүйл бол цаашдаа төлөвлөлтийн горимоо өөрчлөх юм. Орлогын эсвэл ДНБ-ий тодорхой хувиар боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудын асуудлаа шийддэг Олон улсын жишгүүд байдаг. Тэр төсвөө 3-4 жил өөрчлөхгүй, тогтсон мөнгөнөөсөө үр ашигтай үйл ажиллагаагаа зохион байгуулаад явдаг. Төсөв булаацалдаад байдаггүй гэсэн үг. Ийм төлөвлөлт рүү шилжихгүй бол бүгдээрээ тал талаас хүсэлтээ барьж ирээд байна л даа. Өнгөрсөн хугацааг том зургаар нь харахад бид сүүлийн хэдэн жил улсаа эмнэлэг, сургуулиар бүрэн хангаж чадаагүй байна. Хангаад эхэлж байтал эхнээсээ их засварын урсгал зардлаа нэхээд эхэллээ. Энэ нь цаагуураа бид эдийн засгийн том сууриа бодох цаг болсныг илтгэж байна. Өөр орлогын эх үүсвэр олох хэрэгтэй гэсэн үг.  Өөр орлогын эх үүсвэрийг бодохоороо дахиад л уул уурхай яриад байгаа нь хамгийн буруу. Уул уурхайн хараал гэдэг нь, их мөнгө орж ирээд, их мөнгөндөө дассан хүмүүс түүнийгээ багасгахгүйн тулд дараагийн уул уурхай руу явах хандлагыг хэлж байгаа юм. Тэгээд тасралтгүй уул уурхайгаар амьдарч байдаг. Уул уурхай бол барагддаг нөөц. Уул уурхайгаас олсон мөнгөө нэг том үйлдвэр, аж ахуй, эсвэл ядаж  эрчим хүч, нефтийн үйлдвэр болгочих байсан юм. Тэгээд түүгээрээ тасралтгүй хөгжиж амьдрах тогтолцоог л эдийн засгийн зөв төсвийн харилцаа гэнэ. Одоо эргээд харахад Оюу толгойгоос авсан бүх мөнгөөрөө бид юу хийсэн бэ? Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм байхгүй байгаа нь урсгал зардал руу явсантай холбоотой. Магадгүй тэр мөнгөөр хүмүүсийн цалин тавьж, тодорхой хүмүүсийн цалинг нэмсэн байгаа. Урсгал зардал гэдэг ингээд л алга болчихдог зүйл.

Улс орноо хөгжүүлнэ гэдэг чинь төсвөө цуглуулдаг болох, ядаж өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болгох юм. Түүнээс биш бүх урсгал зардлаа, бүх зүйлээ улсын төсвөөс авч буй өнөөдрийн энэ тогтолцоо манай улсын хөгжлийн гарц биш.

-2025 оны төсвөөс Хиймэл дагуул, олон улсын айлчлал зэрэг хэд хэдэн зүйлс хасагдсан байсан. Харин орон нутгийн төсөвт өөрчлөлт орсон уу? Мөн 14 мега төсөлд зарцуулах хөрөнгө оруулалтаас хасагдсан уу?

-14 мега төслөөс голчлон зураг төсөлтэй, техник эдийн засгийн үндэслэлтэй 1 их наяд орчим төгрөг орж ирсэн. Бусдыг нь зээлээр санхүүжүүлнэ. Энэхүү төслийн эхний хэсгийн санхүүжилтэд 4-5 их наяд төгрөгийг зарцуулна гэсэн төлөвлөлт орж ирсэн. 14 мега төслийн 2, 3 сэдэв нь маргаантай байгаа. Бусад маргаангүй асуудлуудыг цааш нь үргэлжлүүлж болно гэсэн үг. Бидний хөрөнгө оруулалтууд энэ жил бага байгаа нь 14 мега төсөл, Бүсчилсэн хөгжлийн томоохон төсөл хөрөнгө оруулалтуудтай холбоотой. Үлдсэн хөрөнгө оруулалтуудаа орон нутаг руу явуулж байна. Энэ жил орон нутгийн жижиг төсвүүд бараг байхгүй гэсэн үг. Орон нутгийн жижиг төсвийг муу гэж боддог ч нэг талаасаа энэ л бодит үлдэх зүйлс. Нөгөө талаасаа, бид эдийн засгийн том бодлого бодох хэрэгтэй болчхож байгаа юм. Жишээлбэл, жирийн нэг сум хоёр хүн амьдрах байшин барих чадваргүй, сумын төвийнхөө дундуур зам тавихийн тулд улсын төсвөөс хардаг болчхож. Тэгэхээр орон нутгуудыг яаж өөрөө өөрөөр нь эдийн засагтай болгох вэ гэдэг бодлого бодох хэрэгтэй. Ингэхээр бид бүгд хамгийн түрүүнд уул уурхайг бодож эхэлдэг. Газраа ухаад бэлэн мөнгө олох нь баялгийн хараал. Яаж тэр хүмүүсийг амьдралынхаа хэв маягт таарсан хөдөлмөр эрхлээд, тасралтгүй орлого олж, орон нутагтаа татвараа төлөөд, орон нутаг нь түүнийг нь яаж зарцуулдаг болох вэ гэдэг нь эдийн засгийн бодлого. Улс орноо хөгжүүлнэ гэдэг чинь төсвөө цуглуулдаг болох, ядаж өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болгох юм. Харин томоохон зүйлээ улсын төсвийн дэмжлэгтэйгээр, аймаг орон нутгийнхаа төсвийн дэмжлэгтэйгээр явуулж болно. Түүнээс биш бүх урсгал зардлаа, бүх зүйлээ улсын төсвөөс авч буй өнөөдрийн энэ тогтолцоо манай улсын хөгжлийн гарц биш.

-Та баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн. Баруун бүсийн төсөв хэрхэн тавигдсан бэ, ямар ажлууд руу өрнүүлэх вэ?

-Баруун бүсийн хэмжээнд хэдэн том замын ажлууд байгаа. Ялангуяа Ховд, Увс аймгуудын боомтууд руу зам тавигдаж, хоёр хот маань хоорондоо холбогдож байгаа. Говь-Алтай – Завхан аймгийг засмал замаар холбох ажил эхэлж байна. Урьд нь сум хоорондын замууд тавигддаг байсан бол энэ удаад аймаг, хот хоорондын замууд тавигдсан. Бид одоо баруун бүсийн хөгжил яг юу байх вэ, баруун бүсийн хөгжлийг бид юу гэж харах вэ гэдгийг боловсруулж байна. Үүн дээрээ тулгуурлан хөрөнгө оруулалтуудаа төвлөрүүлнэ. Одоо дэд бүтцийн шинжтэй төслүүд тавигдаж байгаа.

-Төсвийн талаар мэдээлэл өгсөнд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.